МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг 2024 оны эхний 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 41,577.32 нэгжид хүрч 0.34%-ийн өсөлттэй хаагдлаа. Монголбанкны 2023 оны 12-р сарын инфляцын тайлан нийтлэгдлээ. Монголбанк эрэлтийн нөлөөний улмаас 2024 онд инфляцын түвшин өмнөх төсөөллөөс нэмэгдэхээр байгааг онцолжээ. Тодруулбал, 2024 оны батлагдсан төсвийн мэдээллээр 2024 онд төсвийн зардал нэмэгдэх, тэр дундаа өндөр настны тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин үргэлжлэн өсөхөөр байгаа нь дотоод эрэлтийг урамшуулж, инфляцын дарамтыг нэмэгдүүлнэ гэж үзжээ. Мөн 3-р улиралд боловсролын үйлчилгээний үнэ сүүлийн 10 жилийн дунджаас 2 дахин өндрөөр өссөн нь ирэх улирлуудад хүнсний бус инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэх нэг хүчин зүйл болсон байгааг тэмдэглэжээ.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ S&P 500 индекс нь 8-н 7 хоног дараалж үргэлжлэн өсөөд байсан бол 2024 оны арилжааны эхний 7 хоногт 1.52%-ийн уналттай хаагдлаа. Ийнхүү 2004 оноос хойших хамгийн удаан үргэлжлэн өссөн статистик зогсож байна. “Гайхамшигт 7 хувьцаа” хэмээн нэрлэгддэг АНУ-ын технологийн аварга компаниуд нь S&P 500 индексийн нийт үнэлгээний 29%-ийг бүрдүүлдэг билээ. Эдгээр хувьцаанууд нь 2023 онд тус бүр 50%-иас 240%-ийн хооронд өсөлт үзүүлсэн нь зах зээлийн өсөлтөд голлон нөлөөлсөн юм. Тэгвэл 2024 онд хөрөнгө оруулагчид тус 7 компанийн хувьцаанаас бусад хувьцаануудад анхаарал хандуулах төлөвтэй байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ Санхүүгийн зах зээлийн томоохон төв банкнууд бодлогын хүүгээ эрт бууруулна гэх хүлээлт буурсны улмаас Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс өнгөрөгч 7 хоногт 0.55%, UK's FTSE 100 индекс 0.56%-ийн тус тус уналттай байлаа. Евро бүсийн 12-р сарын инфляцын түвшин 2.4%-иас 2.9%-д хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. Ийнхүү инфляцын түвшин өсөлттэй гарсан нь Европын төв банк бодлогын хүүгээ эрт бууруулах магадлалыг буурууллаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Япон улсын төв банк Мөнгөний зөөлөн бодлогын байр сууриа цаашид хадгалах төлөвтэй байгаа билээ. Уг шийдвэр тус улсын хувьцааны зах зээлд өнгөрөгч 7 хоногт эергээр нөлөөлсөн боловч 2024 оны 1-р сарын 1-нд Хокурику мужид болсон үхлийн аюултай газар хөдлөлтийн дараагаар хувьцаануудын ханш унаж зах зээлийг төлөөлөх голлох 2 индекс зөрүүтэй байлаа. Тодруулбал, TOPIX индекс 1.15%-ийн өсөлттэй хаагдсан бол Nikkei 225 индекс 0.26%-ийн уналттай байлаа.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ БНХАУ-д үүсээд буй дефляцийн дарамт нь тус улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байгаа билээ. Уг сөрөг нөлөөллийн болзошгүй эрсдэлээс үүдэн тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.54%, CSI 300 индекс 2.97%-ийн тус тус 7 хоногт бууралттай хаагдлаа. БНХАУ-ын топ 100 орон сууцны компанийн шинэ орон сууцны борлуулалт 2023 оны 12-р сард оны өмнөх үеэс 34.6%, сарын өмнөх үеэс 29.6%-иар тус тус буурсан байна. Орон сууцны үнийн уналт, барилгын саатал, барилгын компаниудын бондын дефолт зэрэг нь хөрөнгө оруулагчдын БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөвт итгэх итгэлийг бууруулж байна. |